Tuesday, August 5, 2014

Утаат угжитнууд



2014 он 3-р курс. Шог найруулал
Дөрвөн уулын дунд сүндэрлэсэн улсын нийслэл Улаанбаатарыг Азийн цагаан дагина хэмээн нэрийдэж байсан цаг саяхан ч утаанд умбан уулсаараа хүрээлэгдээд ирэхийн цагт “Утаанбаатар” нэртэй болсон. Униартаад дуусдаггүй утаан дээр нь утаат угжитнууд нь мөн л нэмэрлэн утаа буугиулна. Ундуугүй төрийн нөхөж бардаггүй хуулийн цоорхойноос дахин нэг цоорхой хууль мэндэлсэн нь нийтийн газраас 100 метр орчим зайнд буюу “шээс”-ний газар угжаа зуухыг хориглосон. Утаандаа нэвчсэн хотын униаргүй үлдсэн булан тохойд нь очиж тэр угжаа зуу гэсэн заавар ч юм шиг. Уг нь бодлоор бол утаагаа багасгах гэж урдаа барьж байгаа нэг удирдамж ч юм шиг. Гэвч униаргүй үлдсэн булан тохойд нь хүртэл утаат угжитнууд нь утаа чигжээд байх шиг. Ямар сайндаа л
              Хар хархан утаанд чинь хамар уушиг тагларчихх гээд байна
             Бор борхон утаанд чинь борхон нүд минь ширэгчих гээд байна
             Сав сааралхан утаанд чинь санаа бодол минь сарничих гээд байна
            Тас хархан утаанд чинь тархи толгой минь эргээд байна гэсэн ардын дуу гарч байхав.

Булан тохойд байрлан бизнес явуулагчдаас бусдаас нуун угжаа авах гэж уруул амаарааа дохилцон тохиролцон зогсох нь эмээгийнхээ авдараас нандин чавга, нархамба зэргийг авахаар аяглаж буйтай адил. Тэд тамхи хэмээх угжаа аваад элдэвийн ховийг базан тамшаалан татаж байхдаа азарган чоно шээн өөрийн газар нутгийг тамгалдаг шиг шүлс цэрээ хаян тамхилдаг булангаа тамгалан чонын хиймортойгоо ч мөн батлаад авна. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Аливаа улс орны өнгө төрхийг залуусынх нь үйл хөдлөл, соёлоор тодорхойлдог нь бичигдээгүй хууль. Шинэ үеийн шижгэр залуус маань улсын нийслэл Утаанбаатрынхаа өнгө төрхийг чадлынхаа хэрээр л утаагаа уугиулан тодорхойлж байгаа нь тэр.
Уугиад ч, униартаад ч дуусдаггүй Утаанбаатар маань улам бүр сааралтан сүндэрлэсээр.

No comments:

Post a Comment