2013он 2-р курс
Талбайн зүүн талд
дарууханаар сүндэрлэсэн
урлагийн их өргөө болох “УДБЭТ”-наа
хэдэнтээ зочиллоо. Цагаан
тулгуур багануудаар хүрээлүүлсэн урд талдаа сүрлэг гэгчийн хоёр арслантай агаад
хааяа нэг тоглолтын хувиартай ананос өлгөсөн харагдах энэ барилга хүмүүсийн
нүднээ тодхон ч төдийлөн анзаарах нь үгүй. Театрын намхан шатаар алхан төв
хаалганы урд тээнгэлзсэн байдалтай ананосыг ажин зогсож байлаа. Үнэн хэрэгтээ
дотор нэвтрэх зорилготой байсан боловч үзвэрийн цаг биш тул эль хульхан бөгөөд
урдаас харах том хаалга татаад ч онгойхгүй мэт санагдсан тул дэмий л тээнгэлзэн
зогссон нь тэр. Арилж баларсан бичигтэй “Касс” гэсэн бичигтэй бүдэг саарал
модон хаалгаруу арай жижгийг нь бодоод ч тэр үү
сүрдэлгүй татаж үзхээр алхлаа. Гэтэл араас нэгэн ахимаг насны ах ямар
зорилготой явааг минь асуун ажилчдын ордог арын хаалгыг зааж өгөв. Нэвтрэх хаалга
зааж өгсөн тустан маань дуурийн ойр орчимыг цэвэрлэдэг эелдэг нэгэн байлаа.
Ингээд зааж өгсөн
хаалгыг чиглэн алхахдаа жижүүрт хэлэх үгээ амандаа хэд хэд давтан бувтнаж
яаралгүйхэн алхав. Хаалга онгойлгооп оров уу үгүй юу “Сайн байна уу. ХИС-ийн
сэтгүүл зүйн ангийн оюутан байна” гээд цээжилсэн юм шиг дуржигнуулан театартай
танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэнд өмнөөс харж суусан шигүү буржгар үстэй,
донжтой гэгчийн сахалтай ах үл мэдэх царай гарган “Ах нь жижүүр бишээ миний
дүү. Жижүүр нь ирээгүй байна гялс ор ор. Харин битгий төөрчихөөрэй” гэж эелдэг мишээн “зөвшөөрөлгүй зөвшөөрөл”
олголоо. Ингэж анх удаа дуурийн их өргөөнөө үзэгчдийн бус ажилчдын хаалгаар
зочилсон минь энэ.
Цааш явахдаа нөгөөх
эелдэг инээмсэглэлтэй хүнийг эргэж харвал гаднаас орж ирсэн жүжигчин Өөскөтэй дотно
тэврэлдэн мэндчилхийг мөн цүнхтэй хувцас, хөгжмийн зэмсгүүд авч гарахыг хараад
жижүүр бус урлагын хүн болохыг ойлгосон юм. Ямар ч байсан орсондоо догдлон
хананд өлгөөстэй том гэгчийн толь, эсрэг талд нь байрлах хоолны газар хоёроор
угтуулан алхлаа.

Танхимын дээрх гэрлэн бүрхүүл
нь маш том бөгөөд тайзны хажуугаар сул асгарсан
хөшиг нь мөн л хүндэтгэлийн хүрэн өнгөтэй. Анхны татсан хаалганы цаана аугаа их
урлагийг амьдруулсан тайз байсанд багтаж ядан догдлон хүнгүй анир тул хэсэгтээ
тэнд эргэн тойрныг харж зогсов. Гэхдээ намайг гайхуулсан илүү олон зүйл байгаа
мэт санагдсан тул гарч цааш бусад өрөөнүүдтэй танилцахаар явлаа.
Гараад харсан эсрэг
талын өрөө эмчийн өрөө байв. Би өмнө нь төсөөлөхдөө дуурь гэхээр л зөвхөн бэлтгэлийн
өрөө, хувцас солих өрөөнүүд л байдаг гэж бодож байсан боловч энэ өрөөг хараад
миний бодсоноос илүү зохион байгуулалттай бүх зүйл нь төвлөрсөн байдгийг
ойлгосон юм.
Хоёр давхарлуу гарахад
намайг хөтлөн дуудах мэт эвэр бүрээ, төгөлдөр хуур, хийлийн дуу гээд бүгд
холилдон хангиналдаж байлаа. Давхар бүрт байх хар хаалга тайзны энд тэндээс
орно. Энэ давхарт дуу бэлтгэлийн өрөө болон хуцас солих өрөө ээлжлэн байрлана. Ганц
нэг таарах цуурсан пилтан дээр гишгэхэд чихарч дуугарах ба намайг зөвшөөрөлгүй
орж ирсэнийг саануулах мэт. Би бэлтгэлээ хийж байгаа хүмүүст саад болохгүйг
хичээн алхаагаа хөнгөлж цааш явлаа.
Гурван давхарлуу
гарахдаа аль ч шатаар нь гарсан нэг ижил давхарт гарахыг мэдсээр байж өөр нэгэн
нууцлагдсал өрөө, давхар хүлээж байгаа мэт санагдан зориуд нөгөө талын шатаар
өгслөө. Энд үл ялиг бүүдгэр. Үүдэнд нь үсээ мөлчийтөл шуусан, урт гуалиг хүзүүтэй,
бэлтгэлийн хувцас өмссөн хоёр балетчин тамхи татан буйдан дээр сууж байлаа. Энэ
балетчид жингээ барьж өлөө дарахын тулд хэд хэдэн тамхий угсруулан татна. Намайг
харсанаа яах гэж явааг минь нэг асуух гэснээ үгээ залгин татаж байгаа тамхиндаа
шунан дахин дахин сорлоо.
Энэ давхарт нилдээ
тамхины утаа дуниартан үнэртэх ба мөн л хувцас болон бэлтгэлийн өрөөнүүд байв. Зарим
хувцас солих өрөөнүүд онгорхой хэдий ч хүнийхээр бодвол өвдөг татсан урттай шар
өнгийн хөшиг татсан байлаа. Доогуур нь ийш тийшээ зөрөлдөх хүмүүсийн хурдан
хурдан алхаа харагдана. Ер нь энд байгаа бүх хүмүүсийн алхаа их хурдан. Бүгд л
гүйж юмаа амжуулсан хүмүүс. Намайг гадны хүн байна гэж ажих ч сөхөөгүй бүгд өөр
өөрийн ажилд яаравчлана. Ур ухаан, авъяас чадвар, хүч хөдөлмөрийн дуслаас бүрдэн
байж хөгжин дэвшдэг энэ урлагийг түргэн алхаа гишгээгээрээ бас нэг алхамаар
урагшлуулан хөгжүүлэхийг зорих шиг.
Дөрвөн давхарч ч мөн
ажил эд өрнөөж байлаа. “МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн
соёрхолт Б.Жамъяандавгын нэрэмжит нэгдэл” гэсэн нэртэй танхимаас хөгжмийн хаан
болсон төгөлдөр хуурын аяз сонсдож байв. Хаалгыг татвал дүүрэн толь болсон
өрөөнд турьхан биетэй хүүхдүүд төмөр бариулаас барьж балет бүжиглэн намайг
сэмхэн алхаж байсанаас ч хөнгөн хөнгөх үсэрч бууна. Үүдэн талд нь харин
залуухан багш нь төгөлдөр хууран дээр хуруугаараа бүжнэ. Энэ давхарын бусдаасаа
ялгарахгүй өнгийн хаалгатай “Зураг чимэглэлийн урлан” гэсэн 408 тоот өрөөнд
будагны үнэр хамар цоргионо. Нилээд том өрөө. Өрөөнд дэлгэсэн том цаасан дээр
эрэгтэй эмэгтэй хоёр засалч энд тэнд нь гарч зураг чимэглэлийн ажлыг
яаравчлахгүй няхуур хийнэ. Эмэгтэй хүний уран гар, эрэгтэй хүний ур ухаан
нийлэн тайзны амьдруулалтын нэг хэсэг болох тайзны үзэгдлийн арын фоныг ёстой
нэг чамбай хийж харагдлаа.
Энд бас хэд хэдэн
оффисийн өрөө болон оёдолчны нэг өрөө байлаа. Өрөөнд зөвшөөрөл авч орвол оёдлын
машины дуу тасралтгүй түчигнэн гурван хүн юм оёж сууна. Зарим зүйлийг асуухад
хэн ч хууч хөөрч байгаа мэт зүгээр сууж хариулсангүй. Дор дороо ажлаа хийн нэг
нь материал сонгож хоёр нь шаламгай гэгч нь юмаа оёж надтай ярилцаж байв.
Дуурийн тайзнаа гурав ч
бай, гуч ч бай хэдэн ч тоглолт болсон энэ гурав л бүх хувцасыг нь хийж ажлыг нь
нугалдаг аж. Тиймээс нэг ч хором зүгээр суух аргагүй болотой. Зарим тоглотын
тайзны чимэглэл, дизайнд тохирсон материалтай хувцас нь дуулж бүжиглэхэд саад
тулгардаг ба дахин хэд хэд өмсгөн хөдлөхөд эвтэйхэн болохоор тааруулдаг аж. Хамгийн
хийхэд хэцүү өмсгөл нь балетийн өмсгөлүүд
байдаг гэж ярьж суутал дээрх шалтгаанаар яаран орж ирсэн эгч нарийн
бэлхүүсэндээ өмсгөлөө тааруулан тануулан оёулж гарч явав. Би ч мөн араас нь
даган хамт буулаа.
Тайзнаа бэлтгэл эхэлжээ.
Таван жилийн өмнө УДБЭТ-т эхлэн тавигдсан “Евгений Онегин” дуурын бэлтгэл
явагдаж байв. Ойн баяраа анхлан тавьсан дууриа дахин тайзнаа тавьж тэмдэглэх гэж
байгаа нь энэ аж. Дотроо багагүй бэлэгшээн зүүн жигүүрийн пилтажны дундах
эгнээнд сандалдаа шигдэн шимтэн сонирхлоо. Ширүүн чухал төрхтэй удирдаачийн
гарын га хөгжим ширүүсч мөн хааяадаа аргадангуй зөөлөрч удирдаачийн гартай нэг
зэрэг явна. Бүрээ, бишгүүр, хийл бөмбөр гээд олон төрлийн чанга дуунаас яаж
давж дуулж байна гэлтэй тайзан дээрх жүжигчид сапрон, теонер, басс хоолойгоор
хүч түрэн дуулна. Дуулж байгаа хүмүүсийн
нүүрний хувирал хоолойны өнгө аясаар хувьхар нь хааяа нэг инээдийг гэжигдэнэ.
Анх дуурь сонсож байгаа
миний хувьд дуу чангарахтай зэрэг хамт догдлон дараагийн үзэгдэл бүрийг
хүлээсээр хэдийнэ гэртээ харихаа умартан бэлтгэлтэй хамт удаан суужээ. Бэлтгэл ч
дуусч хүмүүс тайзны араар орлоо.
Хуулиастай улаан хивстэй
коридороор алхан буцаж явтал хэдэн цагаар хийсэн бэлтгэлдээ хоолой нь цуцсан
байх гэж бодож байсан ч бэлтгэлийн хугацаанд хамгийн их дуулсан гол дүрийн
Евгений Онегинд тоглосон ах баргил хоолойгоор үргэлжлүүлэн дуулж, коридорийг
царгиасаар таягаа тулан алхан гарч яваа харагдана. Дуурийн театраас гаран зүүн
талаар явж байхад хоёр давхарын онгорхой гаднаа төмөр сараалжтай цонхоор нарийн
уянгалаг хоолой мөн л сонсогдлоо. Ядарч цуцсан ч хийж байгаа зүйлдээ
хичээнгүйлэн дурлан хийж байгаа дуурь доторх эдгээр бүхий л уур амьсгал, завгүй
өрнөл нь намайг хичээлээ тараад л ДБЭТ-луу хөтөлдөг болсон юм.
Өглөө хичээлдээ ирэхдээ
өнөөдөр юуны бэлтгэл болох бол гэсэн догдлох хүлээлттэйгээр өдөр болгон шахам
ирж бэлтгэл үздэг болов. Ингэж явсаар эцэст нь бэлтгэл дээрх сонирхогчийн
нүдээр бус жинхэнэ тоглолтыг үзэгчийн нүдээр үзэхээр шийдэж “Чойжид дагина”
балетийн билетийг авлаа.
Бусдын адил дарааллан
зогсож билетээ таслуулан төв хаалгаар ороход илүү амттай санагдаж байв. Билетээ
таслуулахаар дарааллан зогссон үзэгчдийн ихэнх
нь бага дунд ангийн бие жацаараа ч багахан хүүхдүүд байлаа. Бараг бүгд
шахам ууттай зүйл барьсан байх ба өлгүүрт хувцасаа өгөхдөө нөгөөхөө их л
нандигнан өөрсдөөсөө үл салгаж харагдана. Бичень чихрээр дүүргэсэн нандигнан
барих бяцхан богцоо шажигнуулсаар дарааллан зогссон эгнээнээс суудал тийш тарж
одлоо. Тоглолт эхлэхэд дан ганц хийлийн ая зөгийнүүд үүрийг нь оролдсон
баавгайруу шунгинан дайрах шиг гоцлон дуугарах ба хүүхдүүд суудалдаа суун
жигдржх гэж бужигнахтай адил. Удирдаачийн доороос бүдэг гэрэл тусч хурдан
хэмнэлтэй аянд хөшиг алгуурханаар нээгдэн тоглолт эхэллээ.
Дуурийн эх орон болсон
Итали болон Орос, Франц зэрэг бусад улсууд балет, дуурь болох сонгодог урлагт
ихэс дээдсээс эхлэн ардууд хүртэл дээд хүндэтгэлтэйгээр өөрсдийгөө бэлдэн ирж
мэлмий оюунаа мялаадаг байхад бидний хувьд урдаа барьдаг балетийг үзэж,
хүндэтгэн бишрэх хүрээлэл нь танхимыг дүүргэх богцтой багачуул аж. Яг л нүдний
минь өмнө өрнөж буй хоёр хэсэгт жүжигт Чойжид дагина тэнгэрийн орноо халин
диваажин, там болох хоёр өөр ертөнцөд хэсүүчилж буйтай адил хүлээн авагч,
хүндэтгэн бишрэгчдийн хувьд эрс тэс ялгаатай санагдана. Улс орны соёл
уламжлалаас хамааран хүлээн авах, хүндэтгэн бишрэх хандлага өөр нь гарцаагүй
авч хүний хүч хөдөлмөрийн дээд шингэсэн энэхүү урлагыг үзэж мэдрэх үзэгчдийн
хүрээлэл үүнээс цааш тэлэхгүй мэт санагдан бяцхан гонсойв.
Энэхүү бодлыг маань
зүсэн хийлийн семчок ая ширүүсэхэд тайзны урд тоглох хөгжимчдийн дундаас зухуйн
хөнгөн дарагдсан бодлоос минь сэрээлээ. Жүжиг эрлэг номуун хаан Чойжид дагины
сүнсийг бурханы илчтэй булаалдах ширүүн өрнөлөөр үргэлжилэнэ. Өрнөл дунд хөшиг
хэдэнтээ хаагдах ба энэ хооронд хүүхдүүд сэм сэмхэн ярих нь сонсдоно. Тайзны
дараах үзэгдлийн зурмал фоныг буулгаж, үзэгдэлд бэлдэн тайзыг засахдаа байдаг
хурдаараа хичээх зүтгэлээс нь авхуулаад бүгдийг өөрийн биеэр бага сага гадарлах
болсон миний бие үзэгдэл солигдон хөшиг хаагдах хооронд хүүхдүүдийн гаргах шивнэх яриаг сонсмогцоо хүн бүхний чихэнд
хийсэн хичээл зүтгэлийг нэг бүрчлэн хэлмээр санагдана.
Жүжгийн эхний хэсэг
дуусан түр завсарлахад хүүхдүүд үймэн гарч зарим нь жүжгийн оргил болсон хэсгийг ам уралдан ярилцаж,
нилээдгүй хэд нь богцондоо нэмэрлэхээр үүдэнд байрлах жижиг худалдааны
мухлагаас юм худалдан авахаар гүйлдлээ. Харин би сандалаасаа боссонгүй
бүдгэрсэн бодолдоо буцан уусан орж байтал төд удалгүй хоёр дахь хэсэг эхэллээ.
Танхим дахь олны шуугиан, хөгжимийн хурдан аязийг намжаан Чойжид дагина
дөлгөөхөнөөр гарч ирэхэд танхим ч анир болов. Жүжгийн түгшүүрт өрнөлүүд ч
дуусаж эх дэлхийн зүг нүгэл буяныг ялгуулахаар Чойжид дагиныг буцаан илгээсэн
богинохон хоёр дахь хэсэг төгсөн хөөрсөн, бахадсан хүүхдүүдийн нүүрэн дэх
инээмсэглэл, тасралтгүй алга ташилтаар хөшиг хаагдахад би ч мөн хүүхдүүдтэй
адил омигшон хэзээ биелэгдэх нь үл мэдэх ч мэлмий оюунаа тунарах энэхүү урлагыг
хүртэн үзэх үзэгчид, хүлээн авах хүндэтгэгчид танхимийг дүүргэх болно гэсэн
итгэлээр дарагдсан бодлоо тасралтгүй үргэлжлэх алга ташилтаар таслан хаяж мэхийн
ёслох балетчидийн зүг толгой өргөн бусдын адилаар хүндэтгэн зогслоо.
No comments:
Post a Comment