Tuesday, August 5, 2014

Сүүн сэтгэл



 2010 он 11-р анги "Шувуун саарал" өгүүллэгийн уралдаан

Шахалдсан байшингууд дундах цэцэрлэгт хүрээлэнгийн будаг нь халцарсан хуучин сандал дээр өнгө нь гандан сэмэрч ноорсон ноосон цамц, хичнээн удаан өмссөнийг нь бүү мэд өвдөг гарч элэгдсэн өмд өмссөн ахимаг насны эмэгтэй намрын сэрүүн салхинд сэржигнэн хийсч хөлөөр хөглөрөх навчисыг харан амьдралын хатуу гүтүүг туулсаны тэмдэг гэлтэй үрчлээстэй нүүрэндээ гуниг тодруулан хацар нь улай бутран сууна. Гадаа сэрүүн салхи хааяа хааяа хүчтэй үлээн хүн амьтаны хөл бараг үгүй бүүдгэр, цаанаа л жихүүн байвч өглөөнөөс авхуулаад нэг ч булан тохой үлдээлгүй олон давхар байрыг угааж цэвэрлэсэнээс ч тэрүү халууцан жаахан амсхийн амьсгаа даран суугаа энэ эмэгтэй өөдөөс нь харагдаж буй сүндэрлэсэн цагаан байрны нэгдүгээр орцны жижүүр Гэрэл гуай юм.

Өдөр бүр энэ олон давхар байрны шат шал, довжоо гээд бүхий л зүйлийг угааж цэвэрлэсээр өөрийн эрхгүй өвдөг нугларч, нуруу бөхийн өдрөөс өдөрт хариуцсан ажлаа хийхэд улам л бэрх болж байна уу гэлтэй. Гэсэн хэдий ч Гэрэл гуайг үнэхээр элгэмсэг, сайхан сэтгэлтэй, хавь ойрынхоо хүмүүсийн хайрыг татсан нэгэн бөгөөд түүнийг насалсан насыг нь ч тэрүү, зөвхөн түүнээс л гардаг тэр эелдэг сайхан занг нь ч тэр үү хүндлэн хүн бүр хүндэтгэлтэйгээр инээмсэглэн мэнд мэднэ. Ганцхан есөн дөвхарын 203 тоотын Сэлэнгэ л хэлгүй мэт харц дээгүүр хэнийг ч үл тоомсорлон өндөр өсгийт дээрээ өөрөөс нь өөр хүн үгүй мэт эрхэмсэг алхан гутал шигээ гялалзсан хар машинд суун өдөр бүр ажилдаа гэлдрэнэ. Угийн энэ эрхэмсэг зангаас нь ч тэр үү сүрдэн хэр баргийн хүн түүнтэй үг дуугарч зүрхэлдэггүй байлаа. Гэрэлд гялалзсан хар машинаа асаавал тоглож байсан жаалууд тоглоомоо орхин зам тавин зугтах ба Сэлэнгэ цагаас өрсөхийг эрмэлзэх мэт хурдан давхиж одно. 

Сэлэнгээ гэгч энэ эмэгтэйг аживал тэгш сайхан өндөр нуруутай, гэрэл цацрам цэмцгар цагаан царайтай сайхан бүсгүй боловч Гэрэл гуайн зан ааштай харьцуулбал соронзны хоёр туйл мэт ондоо ажээ. Энэ залуу бүсгүй эд шижигнэсэн залуу насандаа амжилтанд хүрч, өндөр албан тушаал хашиж бизнес эрхэлдэг байлаа. Гэвч ойрын үед Сэлэнгийн сүржин царай гундан сэтгэл зовиносон байдалтай яаруу сандруу харагддаг болов. Сураг сонсвол хамгийн нөлөө бүхий бизнесийн түнш нь өөр компаньтай түншилсэн бөгөөд Сэлэнгийн компань хөрөнгө оруулалтгүй болжээ. Өөрийг нь түшээд авах хань ижил, хамаатан садангүй тэрээр зөвхөн өөрийн хүч чармайлалтаар энэ бүгдийг олж авсан хэдий ч энэ ажил нь бүтэлгүйтэн компань нь дампуурч өрөө дарах нэрийдлээр өөрт байсан бүхий л зүйлийг барьцаалж өндөрт байдаг байр суурьнаасаа ганхаж өдөр ирэх тусам байдал хүндэрч байв. 

Нэг өдөр Гэрэл гуай өдөр бүр л хийдэг ажлаа хийж дууссаны дараа мөн л салхилхаар гартал өөрөөс нь өөр хүн бараг тоож суудаггүй хуучин муу сандал дээр нь нэгэн бүсгүй хажуудаа цүнхтэй зүйл тавин мэгшин уйлж суухыг харав. Өөрөө гэм хийчихсэн мэт Гэрэл санаа зовниж дөхөж очвол нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр бүсгүй Сэлэнгэ байхыг олж хараад гайхан бүр итгэж ядан түүнийг ихэд өрөвдөн моонийсон гараараа ачааг нь өргөж ядан зөөн зай давчуу, тав тух муутайхан өөрийн амьдардаг нэг давхарын өрөөнд оруулж Сэлэнгийг аргадав. Сэлэнгэ хэдий санаа зовж бардам зангаа алдсан мэт санагдаж байвч сэтгэлээ хуваалцах хүнгүй ганцаар бачуурч суусан түүнд Гэрэл маш том өмөг түшиг шиг санагдаж сэтгэлд нь хурсан бүхий л зүйлээ ярилаа. Гэрэл аяархан дуугаар “Гүй ээ хүү минь миний энэ харанхуй давчуу оромжийг голохгүй бол надтай хамт байж болно шүү дээ” гэв. Тэр орой Сэлэнгэд үнэхээр хэцүү шөнө байсан ба Гэрэл гуайд хэлэх үгээ олж ядан зүгээр уйлсаар. Түүнийг дайлаад байх зүйлгүй ч Гэрэл хааяа нэг сүүлж уудаг цайны сүүгээ хөөрүүлэн Сэлэнгэд өгсөнд Сэлэнгэ бүлээн сүүг амсвал яг л Гэрэл гуайн халуун дулаан сэтгэл шиг хамгаас сайхан амтагдаж байв. Энэ болсон бүх явдал Сэлэнгэ дээрээс аянга цахилгаан нүүргэлсэн мэт хэцүү байсан бөгөөд бардам, хувиа бодсон эрхэмсэг зан, өндөр албан тушаал нь есөн давхарын өндөрлөгөөс нэг давхарт амьдрах болсон шиг бүгд үгүй болжээ.

Өглөө босвол аягатай сүү ээдэж харин Сэлэнгэ дахин төрсөн мэт байв. Өдөр хоног өнгөрсөөр Сэлэнгэ Гэрэл гуайн ажилд туслан хэдий өмнө нь хийдэг байсан ажлаасаа тэс өөр зүйл хийж байгаа ч түүний сэтгэл баяр хөөр, хайр халамжаар дүүрэн байлаа. Байрны бяцхан жаалуудын дээсийг нь эргүүлэн өгч, хөөцөлдөн наадаж буй түүнд эд баялаг, эрх мэдэл аль аль нь үгүй ч ажлаас өөрийг бодож байгаагүй тэрээр өмнө нь амьдралдаа мэдэрч байгаагүй аз жаргалыг мэдэрч хавийн хүмүүсийг гайхуулж байв. Ийм байдлаар гурван сар өнгөрсөний дараа өмнөх түншээс илүү хөрөнгө оруулалттай түнш түүний компанийг сэргээж хамтран ажиллах саналыг ирүүлэв. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ зулайг нь үнэрлэж, оройтвол санаа зовнин суух үргүй Гэрэл гуайтай эх охин шиг л дотно болсон ба энэ мэдээг амьдралыг нь бүлээн сүү, халуун хайраараа өөрчилөн зүрхэнд нь гэрэлтэх гэрэл гэгээ болсон тэр эрхэм хүн болох Гэрэл гуайд хамгийн түрүүнд дуулган гунигаар ирсэн нулимсаа баярын нулимсаар дуслуулжээ.
         
        Сүү хэдийн идээний дээж ариун цагаан ундаа боловч ээддэг энэ хорвоод
        Хүн хэдий амьтаны дээд оюун ухаантан авч алдаж болох бусуу

Сэлэнгийн амьдрал эргээд сэргэж амьдралд нь гунигт өдрүүд тохиосон ч өвдгийг нь налан энгэрт нь эрхлэх ижийтэй болжээ. Тэрээр амьдралынхаа хором мөч бүрт ижийгээ өргөн амьдарчээ.

No comments:

Post a Comment